Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 10 жилийн тэртээ буюу 2002 онд манай улс Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад цэргийн ажиглагчийн багаа илгээснээс хойш өнөөг хүртэл 10 гаруй оронд 6 мянга орчим цэрэг эрсээ энхийг дэмжих ажиллагаанд оролцуулаад байна. Манай цэргүүд мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэж байгаа байдлаараа олон улсын бусад цэргийн албан хаагчдад үлгэр дууриал болсоор байгааг НҮБ, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч улс орнууд өндрөөр үнэлдэг юм. Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард тогтоол гарган Энхийг сахиулагчдын олон улсын өдөр буюу жил бүрийн 5дугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсад “Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Цэнхэр дуулгатны эгнээнд багтан даян дэлхийн энх тайван амьдралын төлөө хувь нэмрээ оруулан, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан, яваа цэрэг эрс энэ өдөр Соёлын төв өргөөнөө ойн баярын хурлаа хийж байна. Баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ цэрэг эрсээ энхийг дэмжих ажиллагаанд илгээн оролцуулах анхны амаргүй бөгөөд зоримог шийдвэрийг Монгол Ардын нам Засгийн эрх барьж байх үедээ гаргасан гэдгийг онцоллоо. Энэ дагуу монгол цэрэг эрс дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөнтэй улс орнуудад энх амгалан тогтоох, сэргээн босгож хөгжүүлэхээр эрсдэл нүүрлэсэн, амаргүй нөхцөлд хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэв. Гэхдээ энэ бол түүхэн гавьяа, өгүүлшгүй буян, ариун сайхан үйл хэрэг төдийгүй төр улсын нэр нүүр гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн тодотгосон байна. Дэлхийн хаана ч очсон монгол цэргийн өндөр ур чадвар, эр зориг, дадлага туршлага, дайчин эрэмгий чанар, сахилга батыг шагшин магтаж, хамт үүрэг гүйцэтгэхэд итгэлтэй дотно анд нөхөр болохыг, ямар ч хүнд үүргийг нэр төртэй гүйцэтгэж чаддагийг ярихыг сонсоод Цэнхэр дуулгатнуудаараа чин сэтгэлээсээ бахархдаг гэдгээ Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Мөн тэрээр Монголын Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулахад дэмжлэг үзүүлсэн, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа хамтын ажиллагаатай улс орон, олон улсын байгууллагуудаас гадна энхийг сахиулагчдынхаа гэр бүлийнхэнд ойн баярын мэнд хүргэв.
Нүүр будалт
10 years ago
0 comments:
Post a Comment